“Амар хялбарын номлол бус ажил хөдөлмөр, өрнүүн тэмцлээр дүүрэн Цуцашгүй тэмүүлсэн амьдралын тухай номлохыг хүснэм би. Амжилтийн дээд амар хялбарыг хүсэгчдэд бус аюул занал, зовлон зүтгүүр, ажил хөдөлмөрийн хүнд хэцүүгээс айн зугтахгүй бат зогсож сүр жавхлант ялалтыг хүртэх ялан дийлэгчдийн тухай номлохыг хүснэм би...” хэмээн АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч Теодор Рузьвелт 1899 онд Цуцашгүй тэмүүлсэн амьдрал хэмээх алдарт илтгэлээ бичсэн байдаг.
Түүний илтгэл ХХ зууны эхэн үеийн АНУ-ын аж үйлдвэржсэн хөгжил, ардчилсэн нийгмийн амин сүнс болох цуцашгүй баялаг бүтээгч хүний тухай өгүүлсэн нь бага наснаас астмаар өвчилж, эмнэлгийн орноос “уяатай”, сул биетэй өссөн ч олон янзын спортоор хичээллэж өвчнөө ялан дийлж, амьдралынхаа туршид өрнүүн тэмцэлд ялж ирсэн өөрийн амьдралаас өгүүлсэн гэлтэй.
Рузвельт бокс, жудо, жюү жицү гээд олон спортоор хичээллэсэн байдаг. Жудо болон Жюү Жицүг үндэслэгч Жигаро Каногийн шавь нар ХХ зууны эхээр дэлхийн улс орнуудаар явж багшийн эрдмийг түгээн дэлгэрүүлж байх үед түүний шавь нарын нэг Ямашита Ёошиаки нь АНУ-д Жудо болон Жюү Жицүг дэлгэрүүлж явсан байдаг. Ямашита нь Рузвельтийн багш болж Цагаан ордны доод давхарт тусгайлан өрөө засан хамт хичээллэдэг байжээ. Рузвельт угаас бие хамгаалах болон бөхийн спортод “хорхой”-той тул Жюү Жицүг ихэд сонирхон суралцаж өөрийн хүүхдүүд, туслахаас авхуулаад түүний дараа АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч болсон В.Х.Тафттай жюү жицү-гийн бэлтгэл хийдэг байв.
АНУ-ын чөлөөт бөхийн аварга болж байсан Гранттай хамт бөхийн бэлтгэл хийдэг байсан тэрээр “Грантийг Ямашитатай барилдахыг үзэх сонирхолтой байлаа. Мэдээж манай бөхийн төрлийг Жюү Жицүтэй харьцуулах аргагүй. Бөхийн барилдаан нь теннис гэх мэт бусад спорт шиг илүү тогтоосон дүрэмд баригдсан байдаг бол Жюү жицү нь ерөөс өрсөлдөгчөө ямар нэг хариу үйлдэл хийх боломжгүй болгоход оршиж байна. Грант юу хийхээ мэдэхгүй дэмий л янз бүрээр эсэргүүцэх гэж оролдох боловч Ямашита түүнийг боож, үргэлжлүүлэн тохойнд өчиг хийж Грантыг юу ч хийх боломжгүй болгов” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичсэн байдаг.
Жюү Жицүгээр хичээллэж сонгуулийн өмнө 9 кг турж байсан тэрээр “Манай спортуудыг бүгдийг нийлүүлсэн ч Жюү Жицү нь бүх талаар илүү ашиг тустай Урлаг юм” гэж хэлсэн байдаг.
Үндэслэгч багш Каногийн шавь нарын нэг Мицуёо Маэда 1904 онд Япон дахь гэрээс гарч дэлхийн олон улсаар явж бөхийн болон тулааны янз бүрийн тэмцээнүүдэд оролцож өөрийгөө сорихын хажуугаар багшийн эрдмийг сурталчлан явсаар 1914 онд Бразилд хүрч очсон байдаг. Түүнд шавь орсон Бразилын Грэйсигийн гэр бүлийнхэн Жюү Жицүг зөвхөн өөрийн улсад төдийгүй дэлхийд таниулахад голлох нөлөөг үзүүлсэн учраас Бразил Жюү Жицү хэмээх спортын нэршилтэй болсон байдаг.
1990 оны үеэс UFC-ийн тэмцээнүүдэд Жюү Жицүгийн эрдмийг эзэмшсэн Ройс Грэйси олон жил дараалан аварга болсноор бөхийн төдийгүй тулааны урлаг дахь Жюү Жицүгийн ач холбогдлыг дэлхийд таниулсан юм. Сүүлийн 20 гаруй жил энэ спорт нь дэлхийд хурдацтай хөгжиж, аль ч тулааны спортын хүний заавал суралцах ёстой эрдэм болон хөгжиж байна. Манай Монгол улсад ч сүүлийн арваад жил эрчимтэй хөгжиж, зөвхөн бөхийн эсвэл тулааны чиглэлийн тамирчид төдийгүй жирийн ажил хөдөлмөр эрхлэгч, сурагч, урлаг, соёлын гээд чиглэл чиглэлийн хүмүүс хичээллэж байна.
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/sport/75214